Мэдээлэл

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ (ТоС)-ИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР НЭВТРҮҮЛЭХ ТӨСӨЛ АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо (ТоС Холбоо), БОАЖЯ, Монголбанк, Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE) байгууллагууд хамтран их дээд сургуулиудын баклаврын зэрэгт банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан “Тогтвортой Санхүүжилт”-ийн сонгон суралцах хичээлийн сургалтын хөтөлбөр боловсруулах, нэвтрүүлэх төслийг албан ёсоор эхлүүлэн, төсөлд оролцогч талуудын уулзалтыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Монголбанкны уулзалтын танхимд зохион байгууллаа. Уулзалтаар төслийн зорилго, алсын хараа, хүлээгдэж буй үр дүн зэргийг ярилцаж, төслийн ажлын төлөвлөгөөг тогтлоо.

 

Уг төсөлд СЭЗДС, МУИС, ХҮДС хамтран ажиллах бөгөөд төслийн хүрээнд тогтвортой санхүүжилтийн сурах бичиг, сургалтын материалыг боловсруулах, их дээд сургуулийн багш нарыг бэлтгэх, 2019 оны хичээлийн жилийн хаврын улиралд туршилтын хичээлийг эхлүүлэхийг зорьж байна. ТоС-ийн сонгон хичээлээр оюутнууд санхүүжилт, хөрөнгө оруулалт болон тогтвортой хөгжлийн уялдаа холбоо, бизнесийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгмийн эрсдэлийг авч үзэхийн ач холбогдол, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалууд, ногоон бизнесийн боломжууд, олон улсын туршлага зэрэг чиглэлээр мэдлэг эзэмшснээр, тогтвортой хөгжлийн чиг хандлагад нийцсэн шинэ үеийн банк санхүү, бизнесийн салбарын мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэхэд хувь нэмэр оруулах юм.