Мэдээлэл

ХАС БАНК ТоС-ИЙН БАНКНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Хас Банк ТоС-ийн банкны зөвлөлийн ээлжит уулзалтыг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уулзалтаар Хас банк өөрийн ногоон санхүүжилтийн алсын хараа, ногоон зээлийн туршлага, ногоон эх үүсвэр татах боломж, давуу тал, нөхцөл шаардлагуудын талаар нээлттэй танилцуулан, ТоС-ийн банкны зөвлөлийн гишүүд сонирхсон асуудлуудаа тодруулж, туршлага судлав.

 

Хас банк Ногоон уур амьсгалын сан (НУАС)-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох, ногоон санхүүжилтийг бодитоор, амжилттай хэрэгжүүлэх, салбарын манлайлагч болоход нөлөөлсөн онцлох төслүүдийн нэг нь Хас банкны 2010 оноос хойш 4 жилийн турш хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудад нүүрсний хэмнэлттэй, сайжруулах зуух нийлүүлэх төсөл байсан бөгөөд энэхүү төслийг анх хэрэгжүүлэхд үүсч байсан хүндрэл бэрхшээл, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа. Уг төслийг Эко банкны хэлтэс хариуцаж хэрэгжүүлсэн бөгөөд төслийн үр дүнд банкны ажилчдын ногоон төсөл санхүүжүүлэх дотоод чадамж бодитоор сайжирч, ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг гаднаас татах боломжууд нээгдсэн талаар дурдлаа.

Мөн түүнчлэн Хас банк нь зээл олголт болон банкны дотоод үйл ажиллагаанд ТоС-ийн зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлж, тэдгээрийг хангахад чиглэсэн ямар бодлого, үйл ажиллагаа явуулдаг талаар сайн туршлагуудаасаа танилцуулав. Тухайлбал, Хас банк өөрийн үйл ажиллагаанд ашиглаж буй цаасны хэрэглээг бууруулах зорилгоор ажилтан бүрийн тухайн сард хэвлэсэн нийт материалын тоо, хэрэглэсэн цаасны хэмжээг хүн тус бүрээр тооцож, танилцуулах зэрэг шийдлүүдийг хэрэгжүүлдэг байна.