Мэдээлэл

ТоС Банкны Зөвлөлийн ээлжит уулзалтаар ХААН Банкны тогтвортой хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа


Date: 11/14/2018

ХААН Банк ТоС-ийн Банкны Зөвлөлийн ээлжит уулзалтыг ХААН Банк цамхагт амжилттай зохион байгууллаа.

Уулзалтыг нээж, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын агаарын бохирдол бид бүхний эрүүл амьдрах орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлж буйг дурдхын зэрэгцээ байгаль орчин, нийгэм, уур амьсгалын асуудлуудыг бууруулахын төлөө ХААН Банкны зүгээс бүхий л нөөц бололцоогоо дайчлан, салбартаа манлайлан ажиллахаа мэдэгдсэн юм.

Уулзалтын онцлох нэгэн хэсэг бол ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжсэн, ухаалаг технологи бүхий эко оффис ХААН Банк Цамхагтай танилцах аялал байлаа.

ХААН Банк Цамхаг нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, нийт 112 метрийн өндөртэй барилга бөгөөд Барилгын Менежментийн Систем /Building Management System/-ийг Монголд бүрэн нэвтрүүлсэн анхны барилга юм байна. Энэ систем нь барилгын бүхий л дэд бүтэц /халаалт, хөргөлт, агаар сэлгэлт, цахилгаан, гэрэлтүүлэг, мэдрэгчүүд/-ийг бүрэн хянаж удирддаг нэгдсэн хяналт удирдлагын систем юм. Жишээлбэл, Оффисын орчинд олон улсын стандартын дагуу зундаа +220С -ийн температуртай, 40-45%-ийн чийгшилтэй агаараар цагт 10-15 удаа сэлгэх тохиргоог Барилгын Менежментийн Системийн хяналтын өрөөнөөс тохируулж хянана.

Мэдлэг мэдээллээр дүүрэн ТоС-ийн ээлжит нэгэн зөвлөлийн уулзалтыг амжилттай зохион байгуулсан Khan Bank Foundation/ХААН Банк Сан, ХААН Банкны хамт олонд баярлалаа.

Зөв хөгжлийг хамтдаа бүтээе.