Мэдээлэл

Байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын ил тод байдал, тайлагналын стандартыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх нь ЦАХИМ ВЕБИНАР зохион байгуулагдлаа


Монголын хөрөнгийн бирж (МХБ), Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Тогтвортой байдлын санхүүгийн төвүүдийн сүлжээ (FC4S), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), НҮБ-ын хамтарсан хөтөлбөр тус тус хамтран хэрэгжүүлж буй “Монголын тогтвортой хөрөнгийн биржийн санаачилга” (МТХБС) төслийн хүрээнд “Монголын хөрөнгийн зах зээлд байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын стандартыг нэвтрүүлэх нь” сэдэвт цахим вебинарыг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. 

.

Вебинарт МХБ-д бүртгэлтэй компаниуд, үнэт цаас гаргахаар төлөвлөж буй байгууллагууд, үнэт цаасны компаниуд, бодлого боловсруулагчид, олон улсын байгууллагууд, санхүүгийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд болон олон нийтийн төлөөллөөс бүрдсэн нийт 160 гаруй төлөөлөл оролцож, БОНЗ-ын тайлагналын ач холбогдол, олон улсын чиг хандлага, сайн жишээ, Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх стандартын талаар мэдээлэл авлаа. 

Вебинарын үеэр мөн “Тогтвортой хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга Норихико Като нар гарын үсэг зурлаа. Уг хамтын ажиллагааны хүрээнд талууд тогтвортой, ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр үнэт цаас гаргагч компаниудад зориулсан БОНЗ-ын ил тод байдал, тайлагналын журам, стандарт, гарын авлагыг боловсруулахаас гадна, холбогдох талуудын чадавхыг бэхжүүлэх, хариуцлагатай хөрөнгө оруулалт, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах юм. 

Арга хэмжээний нээлтийн үеэр СЗХ-ны дэд дарга Н.Хүдэрчулуун “СЗХ тогтвортой санхүүжилтийн асуудлыг анхнаас нь дэмжиж ирсэн бөгөөд цаашид бодлого тодорхойлогчийн хувьд тогтвортой, ногоон санхүүжилтийг дэмжих, тэр дундаа үнэт цаас гаргагчдын байгаль орчин, нийгэм, засаглалын ил тод байдал, тайлагналыг сайжруулах, үүнийг дэмжсэн бодлого, зохицуулалтыг гаргахад хамтран ажиллах тал дээр онцгой ач холбогдлыг өгнө.” гэжээ. Түүнчлэн МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Монголын хөрөнгийн бирж нь НҮБ-ын дэргэдэх Тогтвортой хөгжилд чиглэсэн хөрөнгийн биржүүдийн холбоонд 2017 онд элссэнээс хойш хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгыг тавин ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилгын хүрээнд бид тогтвортой байдалд чиглэсэн тайлагналын стандартыг нэвтрүүлж, зах зээлийн зохицуулагч байгууллагын хувьд үнэт цаас гаргагчид, гишүүн компаниуд болон нийт зах зээлийн оролцогчдыг уриалан, тогтвортой хөгжлийг дэмжсэн зах зээлийг бий болгохын төлөө ажиллах болно.” гэв.

МТХБС-ыг дэмжин ажиллаж буй олон улсын байгууллагуудаас "КОВИД-19 цар тахал БОНЗ-ын эрсдэлийн удирдлагын ач холбогдлыг улам нэмэгдүүлсэн бөгөөд БОНЗ-ын ил тод байдал, тайлагналын мэдээллийн эрэлт хэрэгцээ цаашид ч нэмэгдсээр байх болно. Тогтвортой байдлын тайланг сайжруулснаар компаниуд, зах зээлийн оролцогчдын үр ашгийг дээшлүүлэхээс гадна шинэ боломжуудын үүд хаалгыг нээж өгдөг. Иймд олон улсад хэрэгжүүлж буй БОНЗ болон тогтвортой байдлын тайлангийн стандарт, тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлж, өөрчлөлтийг авчрах цаг болжээ.” хэмээн ОУСК-ын Санхүүгийн байгууллагуудын группийн Ази, Номхон Далайн бүс нутгийг хариуцсан менежер Камар Салем онцоллоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэд суурин төлөөлөгч Нашида Саттар “БОНЗ-ын буюу тогтвортой байдлын тайлагналыг нэвтрүүлэх нь одоогийн бизнесийн практикийг сайжруулахад нэмэр болох төдийгүй тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой алхам юм." хэмээн онцлов.

“Монгол Улсын банкууд хамтран 2013 оноос хойш Тогтвортой санхүүжилт (ТоС), ногоон зээлийн зарчмуудыг боловсруулан, амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд санхүүгийн зах зээлийг бүхэлд нь тогтвортой санхүүжилтэд чиглүүлэх шаардлагатай байгаа тул  МХБ, СЗХ болон олон улсын түншүүдтэйгээ энэ чухал зорилтын хүрээнд хамтран ажиллахдаа таатай байна” гэж ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга Норихико Като онцлон тэмдэглэлээ.

Вебинарын бичлэг ТоС Холбооны Facebook live-г эндээс үзнэ үү.